A+ R A-

Өршөөлийн хуулийн нийгэмд учруулах үр дагавар...

 

Баянгол дүүргийн нутаг давсгэрт 2009 онд “бага насны эгч дүү охидын нэгийг нь алж, нөгөөг нь алахыг завдаж, хүчиндсэн” хэрэгт 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Пүрэвбат овогтой Сумъяажав нь Нийслэлийн давж заал­дах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 910 тоот магадлалаар “Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай хуулийн 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар буюу насанд хүрээгүй байхдаа гэмт хэ­рэг үйлдсэн үндэслэлээр өршөөгдөж байсан. 

 

Гэвч тэрбээр дахин бусадтай бүлэг­лэн олон удаагийн үйлдлээр онц их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан хэрэг үйлдэж 2013 оны нэгдүгээр сард 15 жилийн ялыг чанга дэглэмтэй шо­ронд эдлэхээр болсон. Энэ мэтчилэн төрийн өршөөлд хамрагдан ялаас мултарсан ч улам зэрлэгшиж хүний аминд хүрсэн зас­рашгүй гэмт хэрэгтнүүд олон бий. Байс­хийгээд л батлагддаг Өршөөлийн хуу­лийн дараа нийгэм даяараа айдас, хүйдэст автаж “Орой үдэш гэрээсээ тол­гойгоо ч цухуйлгаж болохгүй шүү. 

Өршөөлөөр баахан гэмт хэрэгтнүүд шоронгоос суллагдсан” гэх аймшигт мэдээг бусдадаа түгээдэг үзэгдэл тун удахгүй давтагдах гэж байна. 

 

УИХ дахь “Шударга ёс” эвсэл болон бие даагч гишүүд ихээхэн хүчин зүтгэл гаргаж, зургаан сар зууралдсаар  Өршөөлийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш батлагдсан таван удаагийн  Өршөөлийн хуулийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас л өргөн мэдүүлж байсан бол энэ удаагийн хуулийн төслийг хууль тогтоогчид  өөрсдөө өргөн мэдүүлснээрээ онцлогтой юм байх. Урьд өмнөх  Өршөөлийн хуулиуд нь ямар нэг тэмдэглэлт ойг тохиолдуулж, эсвэл ямарваа нэгэн улс төрийн хүчний давуу байдал, нэр хүнд олох “буяны үйл”- ийн арга хэрэгсэл болон хөгжсөөр ирсэн нь нууц биш. Түүгээр ч барахгүй Эрүүгийн ялын бодлогоос хамааралгүй шахам болсон нь анзаарагддаг.  С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог зэрэг гишүүд  энэ удаагийн Өршөөлийн хуулийг батлуулахаар  тун шаргуу зүтгүүлж байгаа учраа “Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй” гэдгийг урьтал болгож байгаа.  Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийг  чанга, яллах талд давамгай үйлчилдэг  хэмээн шүүмжлэгсэд олон байдаг. Өнөөдрийн байдлаар Монголд 7200 гаруй хоригдол байгаа. Тэдний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байгаа гэж Өршөөлийн хууль санаачлагчид үзэж байгаа юм билээ.  

 

Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг гэнэ. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг сурагтай. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн  шүүмжлэгсэд олширч байгаа юм байх. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар   “2-3 удаа гар утас хулгайлсан гэж 10 жилийн ял оноосон байна лээ. Энэ хуулийн төслийг гаргахдаа өмнө нь гарч байсан Өршөөлийн тухай хуулийн давуу болон сөрөг талуудыг сайн хянаж тооцож үзсэн. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гадна гадаад, дотоодод хуулийн чиглэлээр сургууль төгссөн туршлагатай хүмүүс ажилласан. Энэ удаагийн хуульд өршөөлөөр суллагдахын тулд тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой гэж зааж өглөө. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа эдэлнэ. 

 

Хадгаламж банкны Чимидцэрэн 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэр нь чөлөөлөгдсөн байх жишээтэй. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүх дээр ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой” гэж санаачилсан хуулийн төслөө тайлбарласан байна лээ. Тэдний саначилсан хууль батлагдвал монголын шоронгууд бараг л хоосрох нь тодорхой. Учир нь одоо байгаа хоригдлуудын  гуравны хоёр нь шахуу суллагдах, ял нь хасагдах болохоор маш олон хүн энэ хуулийг тэсэн ядан хүлээж байгаа. Харин түүнээс ч олон хүн буюу нийгэм даяараа энэ хуулийн хэрэгжилтээс шалтгаалан айдас, түгшүүрт автахыг хууль санаачлагчид төсөөлж байгаа болов уу.  

 

Өршөөлийн хууль нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч зөрчигдсөн эрхээ сэргээх, хохирлоо нөхөн төлүүлэх боломжийг хаадаг төдийгүй иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах эрүүгийн бодлогыг үгүйсгэдэг гэж хуулийнхан үздэг. Нөгөөтэйгүүр өршөөлийн хуулиудын давтамж хэт ойрхон байх нь эрүүгийн ялын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгод ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг гэх юм билээ. Манай улсын хувьд 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хуулиуд гарч  байж. Тэгээд ч өршөөлийн хууль ойр ойрхон гарах нь хүмүүст “гэмт хэрэг үйлдчихээд өршөөгдөөд байж болдог, ялаас мултарч болох юм байна, ямар нэг аргаар өршөөлд багтахыг хичээх нь зүйтэй” гэсэн муйхар бодлыг төрүүлдэг.

 

Нийгэмд эерэг гэхээсээ илүүтэй сөрөг нөхцөлийг үүсгэдэг өршөөлийн хууль нь өршөөлд хамрагдаагүй үлдсэн ялтнууд өлсгөлөн зарлах, суллагдсан нь дахин гэмт хэрэг үйлдэх, учруулсан хохирлоо төлөхгүй байх, нийгэмд айдас, түгшүүр төрүүлэх гэх мэт олон муу үр дагаврыг авчирдаг нь өдгөө нэгэнт тодорхой болсон. Түүнээс гадна манай улсыг хэт шоронжсон улс гэх шүүмжлэл сонсогддог ч хуучин Эрүүгийн хууль үйлчилж байх үед жилд дунджаар 6000 орчим хүн хорих ял эдэлдэг байсан бол 2010 оноос энэ  тоо тогтмол  өссөөр  байгаа аж. Хорих, баривчлах ялыг ялгамжгүйгээр эдлүүлэх, хорих ялыг илүү хэрэглэх нь шоронгийн хэт дүүргэлтийг бий болгож, зардлын өсөлт, эрүүл ахуйн нөхцөлийн бууралт, амьдрах нөхцөлийн хүндрэл, тогтоол гүйцэтгэх газрын ажилтнуудын хэт ачаалал зэрэг сөрөг үзэгдлийн шалтгаан болдог бөгөөд нэг хоригдлыг ял эдлүүлэхэд сард төрийн албан хаагчийн сарын дундаж цалинтай тэнцэхүйц зардал гардаг гэх.

 

Мөн хорих ял эдлүүлэхэд гарч буй зардлын таван жилийн дундаж нь томоохон 16 аймгийн жилийн төсөвтэй тэнцдэг гэсэн. Түүнчлэн хорих, баривчлах ял нь төрөөс зардал шаардсан ял боловч ял эдэлж буй этгээдэд засарч, хүмүүжихээс илүү­тэй цээрлэл, залхаалтын шинжийг үзүүлдэг бөгөөд ямар нэг хэмжээгээр сэтгэл зүйн хямралд ордог учир үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүй ажээ. Тэгээд ч ял эдэлж буй ялтнуудын ихэнх нь хорихоос суллагдаж гараад яах тухайгаа сайн мэдэхгүй, яана даа гэсэн айдастай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл өршөөлөөр болон хорих ял эдлээд суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх, хүлээн авах тогтолцоо, байгууллага байхгүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх, бусдад руу татагдах зэрэг эрсдэлд ордог гэж хууль хүчний байгууллагынхан ам уралдуулан учирладаг. Өршөөлийн хуультай холбогдон гардаг хамгийн бэрхшээлтэй асуудал бол гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн барагдуулахгүй байх явдал. Өршөөлд хамрагдана гээд учруулсан хохирлоо төлөхгүй ямар нэг байдлаар аргацааж байгаад өршөөлд хамрагдах, иргэдийг дахин хохироох явдал гардаг нь түгээмэл болсон. 

 

Өөрөөр хэлбэл хорих ял эдэлж байгаа, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж шүүхийн шийдвэр гүйцэт­гэлийн шатанд учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа хүмүүс өршөөлд хам­рагдсанаар учруулсан хо­хирлоо нөхөн төлөхгүй байх “эрхтэй” болдог гажиг жишиг тогтжээ. 

 

Зүй нь ийм байдлаар хохирогчийг “давхар хо­хи­роохгүй”-н тулд Өр­шөө­лийн хуульд хохирлыг ба­рагдуулсан нь хамрагддаг баймаар. Тэгээд ч өршөөлд хамрагсагдын олонх нь дав­тан хэрэг үйлддэг. Судал­гаанаас харахад гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд эмэгтэйчүүд рүү халдах нь элбэг. Ихэвчлэн дээрэм, танхайн, хулгайн хэрэгт холбогддог. Өршөөлөөр суллагдагсад дахин гэмт хэрэг үйлдэх явдал нийт өршөөлд хамрагдагсдын багахан хувийг эзэлдэг ч тэрхүү бага хэмжээ нь иргэдэд шууд нөлөө үзүүлж, аймшигт автуулдаг. 

Даш­рамд сонирхуулахад манайхаас бусад оронд өршөөлд хамрагдах болсон хүмүүсийг хууль гарснаас хойш зургаан сараас нэг жилийн дараа гаргадаг. Ингэх­дээ өршөөлд хамрагдах хүмүүсийг тусгайлсан сур­галтад хамруулж сэт­гэлзүй болон бусад байдлаар ний­гэмд гарахад нь зугуухан бэлтгэдэг байна. Харамсалтай нь манай улсад энэ талаар юу ч хийдэггүй гээд хэлчихэд болно. 

 

Эцэст нь хэлэхэд сүүлийн үед Өршөөлийн хуулийг хэн нэгэн этгээдэд зориулж захиалгаар гаргасан гэх хардлага нийгэмд төрдөг болсон агаад энэ нь энгийн шударга иргэдийн амар амгалан амьдралд аюул, түг­шүүрээс өөр юу ч авчир­даггүйд л асуудлын гол байгаа юм. Тэр ч утгаараа Өршөөлийн хууль өгөөжтэй ажил мөн үү  гэсэн асуултад үгүй гэсэн хариулт олныг өгнө гэж мөрийцөхөд ч болох юм.

 

2012 оны нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн суманд гурван хүнийг хут­галж  алаад хийсэн хэргээ баллахын тулд тэдний байсан ТҮЦ-ийг шатаасан хэрэг гарч байсан. Энэ хэргийг 2009 оны Өршөөлийн хуу­лиар суллагдсан этгээд өдүүлж байв. Тун удахгүй батлагдах  Өршөөлийн хуу­­лиар иймэрхүү зэр­лэгш­сэн хэдэн хэрэгтэн сул­лагдах нь тодорхойгүй. Ер нь Өршөөлийн хуулиар гэмт хэрэгтнүүдийг хавт­гайруулан суллах нь хэнд хэрэгтэй вэ. 

 

Д.Түвшин

Өмнөх Дараах